Oct 28, 2009

Автобусаар зорчихыг уриаллаа

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 30-40 хувийг автомашины утаа, тортог эзэлдэг болохыг хэд хэдэн судалгааны багийнхан баталжээ. Автотээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгаран гарч буй утаа нь хүний амьсгалын төвшинд буюу 0,2 метр өндөрт хаягддагийн дээр хүүхэд багачууд илүүтэй хордож байгааг ч судалгаанд дурдсан байна. Автомашины утаанд 200 гаруй төрлийн хорт бодис байдаг ажээ. Тиймээс агаарын чанарын албанаас унаа машинтай хүмүүсийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчин хотын утааг багасгахад бага ч болов хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Манай хотод явж буй тээврийн хэрэгслийн 70-80 хувь нь долоо ба түүнэс дээш жил ашиглагдсан, гадаадын улс орондоо эдэлгээнээс хасагдсан машинууд байдаг. Тиймээс өвлийн улиралд агаар их бохирддог үеэр автомашинаасаа татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг уриалж байгаа юм. Учир нь автомашинтай иргэдийн цөөнгүй хувь нь оффисын ажилтнууд буюу ажилдаа ирж очих төдийд машин хэрэглэдэг нь судалгаагаар батлагдсан.Энэ жил Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн парк шинэчлэлтийг маш эрчимтэй хийж байгаагийн дээр сүлжээний хувьд өргөжин хотын нэг захаас нөгөө рүү автобусны үйлчилгээ бүрэн нэвтэрсэн байна.

Сурвалж: news.mn

Oct 25, 2009

Нийтийн тээврийн автобус

Замын цагдаагийн газраас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнийг дүрмийн мөрдүүлэх зорилготой Нийтийн тээврийн газартай хамтарч зохион байгуулсан зөвлөлгөөнөөр хэлэлцсэн асуудлын дагуу нийтийн тээврийн хэрэгслүүдэд санамж байрлуулсан байна.

Хамгийн их дүрэм зөрчдөг осол гаргадаг гэсэн шүүмжлэл хүртээд байсан нийтийн тээврийнхэн өнөөдрөөс эхлэн дүрэм, журмыг ягштал мөрдөхөөр боллоо. Автобус бүрт байрлуулсан санамж бичигт зогсоол дээр давхарлаж зогсох, хаалга дутуу хааж хөдлөх, эгнээ байр буруу эзлэн зогсох бүрт жолооч 1000-5000 төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 50 мянгаас 200 хүртэлх мянган төгрөгөөр торгох юм байна.

Сурвалж: news.mn

Oct 15, 2009

Авто зам (Олимпийн гудамж - Дамдинсүрэнгийн гудамж)

Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг хөнгөвчлөх нэгэн шинэ зам өнөөдрөөс ашиглалтад орлоо. Олимпийн гудамжийг Дамдинсүрэнгийн гудамжтай холбох 0,47 км авто замын ажил 2006 онд эхэлсэн боловч хэсэг айлууд газраа чөлөөлж өгөхгүй хүндрэл гаргаж байсан.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 348 сая төгрөгийн өртөгөөр баригдсан энэхүү зам нь Сэлбэ гол дээгүүр 48,8 метр урт төмөр бетон гүүртэй бөгөөд нийслэлийн авто замын сүлжээг сайжруулаад зогсохгүй тээврийн хэрэгслийн бөглөрөл, түгжрэлийг багасган, иргэдийн тохь тухтай зорчих нөхцлийг хангасан авто замыг нэгээр нэмж байгаа юм.

Сурвалж: ulaanbaatar.mn

Oct 6, 2009

2009 онд хийгдсэн зам засварын ажил

Justify Full2009 онд Улаанбаатар хотод Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн авто зам болон нүхэн гарц, гүүрийн засвар шинэчлэлтийн ажил:

Энхтайваны өргөн чөлөөг Сэлбэ голын баруун эргээр Нарны замтай холбох 1.4 км авто зам шинээр барих зэрэг ажлыг хийж байгаа ажээ. Энхтайваны өргөн чөлөөний өргөтгөл шинэчлэлтийн ажлын талаар Улсын Авто замын газрын дарга Б.Энхтөр
-Баруун дөрвөн зам, Зүүн дөрвөн замын хоорондох 3.48 км авто замыг дотоодын гүйцэтгэгч компаниу¬дын хүчин чадал, ажил гүйцэтгэх хугацааг харгалзан хоёр багц болгон тендер шалгаруулалтаар гэрээ байгуулан нүхэн гарц, гүүр, авто замын засварын гүйцэтгэлийн ажлаа дуусах шатандаа орж байна гэлээ.

Энхтайваны өргөн чөлөөний өргөтгөл шинэчлэлтийн ажлын гүйцэтгэл:
Баруун дөрвөн замаас Төв шуудангийн уулзвар хүртэлх 1.46 км замыг «КТК» ХХК, «Төгс зам» ХХК-иудын түншлэл 1.2 тэрбум төгрөгөөр засаж байна. 2.02 км-ийн урттай Төв шуудангийн уулзвараас- Зүүн дөрвөн замын засвар шинэчлэлтийг «Өргөн говь» ХХК, «Ялгуусан» ХХК -иудын түншлэл 1.7 тэрбум төгрөгийн төсвөөр гүйцэтгэж байгаа ажээ. Нийт 3.48 км замыг 2.9 тэрбум төгрөгөөр засварлан шинэчлэж байна.

Засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хуучин хучил¬тад үүссэн эвдрэлд зохих зас¬варыг хийх, борооны ус зайлуулах шугам шинээр хийх болон шинэчлэх, авто машины болон автобусны зогсоолын талбай хийх, гадна гэрэлтүүлгийг шинэчлэх, уулзваруудад нэмэлт зурвас хийх, инженерийн байгууламжийн худ¬гийн тагийг зохих түвшинд өндөрлөх, нийт зорчих хэсгийг таван см асфальтон бетон тэгшилгээний үе хийж, гурван см үеэр өнгө асфальтон бетон хучилт хийжээ.

Баруун дөрвөн замаас 10 дугаар хороолол хүртэлх 1.6 км урт авто замын өргөтгөл:
Хуучин зам нь 15 м өргөнтэй, үүнийг шинэчилж өргөсгөөд 21 м өргөн байхаар төлөвлөсөн. Энэ жил замын өргөтгөх хэсэгт ул хөрсийг сольж, суурь асфальтон бетон хучилт хийнэ. Дараа жил хуучин хучилтыг хуулах ул хөрсийг солих, суурь болон өнгө хучилт хийх, зэрэг бусад ажил хийнэ (төсөвт өртөг 2.4 тэрбум төгрөг).


Сэлбэ голын баруун эргийн дагуухь авто замын Олимпийн гудамжны зам доогуурхи нүхэн гарц:
Нүхэн гарц нь цутгамал бетон бүтэцтэй (төсөвт өртөг 268 сая төгрөг).
Энхтайваны өргөн чөлөөг Сэлбэ голын баруун эргээр Нарны замтай холбох 1.4 км авто зам:
Төсөвт өртөг 902 сая төгрөг.

Сурвалж: montsame.mn

Oct 5, 2009

Автозам (Долоон буудлын эцэс - Дамбадаржаагийн Замын Цагдаагийн Пост)

Долоон буудлын эцсээс Дамбадаржаагийн Замын цагдаагийн пост хүртэлх 9 километр зам: Өргөөшөө 7 метр байсныг 15 метр болгож өргөтгөнө. Үүнээс гадна үерийн ус зайлуулах хоолой хоёрыг тавьж байгаа юм.

Сурвалж: news.mn

Oct 3, 2009

Улаанбаатар хотын замын сүлжээ

Улаанбаатар хотын замын сүлжээ нийт 427.6 км. Үүнээс хатуу хучилттай улсын чанартай 76.9 км, хотын чанартай 200.9 км, дүүргийн чанартай 114.3 км, мөн 35.5 км шороон зам байна. Налайх, Гацуурт, Шувуун фабрик, Тэрэлж амралт, Баруун аймгуудын болон Багануур, хойд зуслангуудтай хатуу хучилттай замаар холбогдсон бөгөөд бусад хот суурингуудтай шороон замаар холбогдсон.

Гол гудамж замуудын зорчих хэсэг нь 6-22 м өргөнтэй, 1-2 урсгалтай, 2-6 эгнээтэй. Хотын болон хорооллын чанартай гудамжны 52 уулзвар байдгаас хоёр нь 2 түвшин дэх зангилаа юм. Хотын нутаг дэвсгэрт 61 гүүр байгаагийн зөвхөн 3 нь урьдчилан хүчитгэсэн арматур бүхий бетон гүүр байна.
Авто замын сүлжээг шинэчлэхэд Улсын төсөв, Монгол улсыг хөгжүүлэх сан, Нийслэлийн төсвөөс ихээхэн хөрөнгө гарган, 2005-2008 онд Улаанбаатар хотод 60 км авто зам, нэг гүүрийг шинээр барих буюу өргөтгөн шинэчлэх ажил гүйцэтгэсэн байна. Мөн энэ хугацаанд хотын төв зам болон хорооллын доторхи авто замуудад 304,667 м2 засварын ажил хийжээ.

2008 онд Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх, засвар арчлалтын ажилд нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөнөөс нийт 5,6 орчим тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгэв.


Нийтийн тээврийн үйлчилгээ
Улаанбаатарт “хот орчмын”, “хотын доторх” гэсэн ангиллаар нийтийн тээврийн 92 чиглэлд үйлчилгээ үзүүлж байна.

2008 онд нийслэлийн хэмжээнд өдөр тутамд их багтаамжийн автобус, троллейбусны 42 чиглэлд 486, бага багтаамжийн автобусны 65 чиглэлд 1100 гаруй бүгд 1603 автобус, троллейбус шугаманд ажиллаж байгаагийн зэрэгцээ таксийн 21 байгууллагын 645, нийт 2248 тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа тээврийн хэрэсэл нь хотын нийт тээврийн хэрэгслийн 2,1 хувийг эзэлж нийслэлийн хүн амын 60 гаруй хувийг өдөр тутам тээвэрлэж байна.

Үйлчилгээнд ажиллаж байгаа төрийн 2, хувийн хэвшлийн 98 аж ахуйн нэгж, байгууллагатай “Ажил үйлчилгээний гэрээ” байгуулан тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, 2008 онд 193,0 сая зорчигч тээвэрлээд байна.

Хотын төвөөс 20-оос дээш км алслагдсан хот орчмын суурин руу 7 чиглэлд зорчигчдын урсгал бага байдгаас шалтгаалан өглөө орой, эсвэл 2 цаг тутамд автобус явахаар зохион байгуулдаг. Зорчигчийн урсгал багатай, хотын захын, замын нөхцөл муутай гудамж бүхий 24 туслах чиглэл, төвлөрсөн томоохон хорооллуудыг худалдаа үйлчилгээний “Наран туул” захтай холбосон 28 буухиа чиглэлд хувийн хэвшлийн байгууллагуудын 1500 микро автобус үйлчилгээ үзүүлдэг.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобус хоорондын зай буюу хүлээлтийн дундаж хугацаа том оврын автобусны хувьд ойролцоогоор 4-5 минут, цахилгаан тээврийнх 6-7 минут, микро автобусных 3-4 минут орчим байна.

1990-ээд онд 12 өрхийн нэг нь хувьдаа автомашинтай байсан бол одоо нийслэлийн нийт өрхийн 25 хувь буюу бараг 3 өрх тутмын 1 нь суудлын автомашин болон бусад төрлийн тээврийн хэрэгсэл эзэмших болжээ.

УБ хот болох алслагдсан дүүргүүдийн иргэдийн харилцаа:
Алслагдсан 3 дүүргийн иргэдийн 78 хувь нь өөрийн дүүргийг УБ хотын нэг хэсэг гэж үздэг (олон улсын байгууллагын судалгаа)
Алслагдсан 3 дүүргийн өрхийн 30 хувь нь сард 3-5 удаа, 24 хувь нь улиралд 1 удаа УБ хот ордог ажээ.

Зорчилт
Хотын иргэд өдөрт 3,4 сая зорчилт хийдэг бөгөөд үүнээс 2,4 саяыг нь тээврийн хэрэгслэлээр зорчдог байна. Нэг иргэний өдрийн дундаж зорчилт – 3,4 удаа. Дундаж зорчилтын зай – 3,4 км, зарцуулдаг хугацаа нь 29 минут, дундаж хурд 8 км/цаг.

Сурвалж: ulaanbaatar.mn

Зорилт

Улаанбаатар хотыг 2030 он хүртэлх хөгжүүлэх хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдснаар:
1. Дэлхийн Зэрэглэлтэй Бизнэсийн хот болох (World-class business city)
2. Амьд хот болох (Livable city)
3. Эрүүл хот болох (Health city)
4. Сайн засаглалтай хот (Well-governed city) болох

Total Pageviews

Блогийн тухай

Хот төлөвлөлтийн сэдэв тойрсон асуудлууд, тэр дундаа хотод явагддаг зорчилт хөдөлгөөний талаар төлөвлөлтийн үүднээс авч үзсэн мэдээллүүд, хотыг амьд организмаар төлөөлүүлж үзвэл эрүүл байлгахын тулд ажиллаж байх цусан хангамжыг зохицуулагч судас, судал бүрийн талаар бичил мэдээллүүд

  © ARCHIVE 2009 - 2010 он | Зохиогчийн эрх

эхлэл хэсэгт БУЦАХ