“Хотжилт” гэж юу вэ?
Эдүүгээ даяарчилагдан буй дэлхий дахин “Хотжилт” гэсэн ойлголтын талаар урьд урьдынхаас ч илүүтэй сонирхон хэлэлцэж, судлах болжээ. Үнэхээр хотжилтын талаар ингэж олон талаас нь авч үзэж буй нь ямар нэг хийсвэр ойлголт биш бөгөөд зайлшгүй, бодит байдал билээ.
Өндөр хөгжилтэй орнуудын том хотууд аж үйлдвэрийн хувьсгалын үр дүнд үсрэнгүй хөгжиж хотжилтын өндөр түвшинд хүрсэн төдийгүй өнөөдрийн зарим хотууд хөгжлийн дээд цэгтээ хүрсэн байна. Харин хөгжиж байгаа орнуудын хувьд хотжих үйл явц сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд л эрчимжиж иржээ. Ингэж олон хүчин зүйлүүдээс хамааран хаа сайгүй харилцан адилгүй байдагаас өнөөдрийг хүртэл хотжилтын тогтсон тодорхойлолт, хэмжих нэгдсэн хэмжүүрийг олоогүй л байна.
Дэлхийн бөмбөрцөг дээрх шөнийн гэрлүүдийг (2006 оны байдлаар) буулгасан дараах зураг дээрээс бидний ярьж буй сэдэв чухам юу болох талаар бас нэг байдлаар харж болох биз ээ.
“Дэлхийн хотуудын гэрэлтүүлэг”, АНУ-ын Үндэсний Сансар Судлалын Төв Газар,
Зургийг буулгасан: Грейг Мэйхю, Роберт Саймон
“Earth’s City Lights”, Data courtesy Marc Imhoff of NASA GSFC and Christopher Elvidge of NOAA NGDC. http://visibleearth.nasa.gov/
Image by Craig Mayhew and Robert Simmon, NASA GSFC.
Тод гэрэлтэж буй цэгүүд хотуудын хөгжлийн өндөр түвшинг илэрхийлж байна. Мөн зураг дээрээс хотууд ундны усны эх ундрага болон зам тээврийн сүлжээг түшиглэн оршидог нь харагдаж байна. АНУ-ын муж хоорондын дамжин өнгөрөх замууд болон ОХУ-ын баруун зүүн хязгаарыг холбосон Транс Сибирийн төмөр замыг дагасан хот суурингуудыг тод харж болох юм. Дайны дараа бүлтийх гэрэлгүй харанхуй болсон Японы хотууд өнөөдөр энэхүү зураг дээрх хамгийн тод цэгүүдийн нэг нь болжээ. Мөн харьцангуй харанхуй бүс нутагт оршиж байгаа хэдий ч хамгийн тод гэрэлтэж байгаа цэгүүдийн нэг нь болж чадсан Ниль мөрөний эрэг дагуух Кайр хот тод харагдаж байна.
Хотжилтын нэг үндсэн хэмжүүр болох хүн амын суурьшлын хэмжээг дээрх зураг дээрээс харах боломжгүй юм.